Монголын Залуучуудын Холбоо нь 21 аймаг, сумд, дүүргүүдэд салбар холбоодтой бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн Залуучуудын холбоог байгуулж, тэргүүн болон 17 тэргүүлэгчийг сонголоо.
Тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох хуралд оролцсон төлөөлөгчид монголдоо Герман судлал, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжил, Герман улсад үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжлээр боловсрол эзэмшсэн Э.Бат-амгаланг нэр дэвшүүлж, залуус руу чиглэсэн маш олон ажил хийж байсныг нь онцолсон юм.
Тэрээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд дүүргийнхээ 4, 5, 22-р хороо буюу гэр хорооллын залуус дунд судалгаа явуулж, тэдний өмнө тулгамдсан 5 асуудлыг тодорхойлжээ. Орон сууц, ажлын байр, боловсрол, эрүүл мэнд, гэр бүл-хувь хүний хөгжил гэсэн 5 асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг судалгааны дүнгээс харсан байна. Хамгийн сүүлд орж байгаа гэр бүл-хувь хүний хөгжил гэдэг нь зөв логикоор бол хамгийн эхэнд байх ёстой, үүний дараа эрүүл мэнд, боловсрол, ажил, орон сууц гэсэн дараалал байх хэрэгтэй гэдгийг тэрээр тодотгож байсан юм. Тийм учраас хороодуудтай хамтарч залууст гэр бүлийн боловсролын сургалт явуулах зэргээр тэдэнд хандсан ажлууд хийж байжээ.