Заримдаа их хэцүү санагдах юм аа. Өнөөдөр зурагтын арагшаа дэнжээр явж байтал хоёр эмээ үнэхээр согтуу тааралдав. 4 урилга нэвтрүүлгээр намайг мэддэг бололтой тэвэрч аваад л хоёр хацар дээр үнсээд байх юм. Талийгач эмээ маань бодогдоод, яагаад энэ хоёр эмээ гэгээн цагаан өдрөөр ийм айхтар архи уусан юм бол гэж харуусал төрөөд их гунигтай болчихсон. Цааш нь хоёр алхав уу үгүй юу замын боржур дээр хоёр ах суучихсан архи ууж байна, өнгөрөөд явтал усныхаа хөнгөн цагаан бидон дотор шил юм хийчихсан 3 залуу архи ууж суухтай таарав. Далан давхрын оршуулга өнгөрөөд нэг айлын гадаа зогсож байтал дандаа л согтуу хүмүүс тэндээс цувж гарч ирээд гуйвж унаад байх юм … Хоёр долоо хоногийн өмнө Баянхошуунд Ид шидийн орныхоо хажуу хөрш айлынд яваад ортол бага үдийн 11 цагт 2 хүүхэн 2 залуу нэг шил юм ууж байна, хүүхэн нь надаас дүү юм хөөрхий … Архинд живчихээ юу гэлтэй … Улаанбаатар хот айхтар шавхайтай түүнээс гадна цас мөс гэсээд ирэхийн хэрээр шээс баас, хог новштойгоо хамт урсаж өмхий үнэртэнэ. Өдөр ч шөнө ч, хүмүүс олдсон хэдэн бороороо архи аваад түр зуур зовлонгоо умартан согтуурхан жингүүднэ.
Муулах их амархан юм аа, муусайн архичид арчаагүй юмнууд гээд хэлчихэд их л хялбар юм, төр засагт бүх бурууг тохчихоод санаа амарч болох л юм. Гэхдээ, яагаад ийм болчихов, яагаад ямар ч амьдрах итгэл урам зориг үгүй болов, яагаад ингэтлээ бид хазайчихав … Ард түмний тэмцэл ойрхон байгаа шүү гэж сүржигнэх ард түмэн маань архинд живж харагдана. Юун тэмцэх манатай ! Маш сул дорой байна … Ядруухан байна. Юу үлдэх вэ бидний үр хойчид ?
Ийм бодолд шөнө дундын цагаар гүн автав. Үнэн сэтгэлээсээ санаа зовнив. Нэг л эвгүй хальтирчихлаа даа бид … Одоо хэрхэн босох вэ