Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын орчин, хөгжих боломж тун хомс. Байгаа ганц 10-р төв нь байр оронгүй болж, бусдын дээвэр дор толгой хоргодох болсон. Тэгвэл өнөөдөр энэ төвийн ажлын хүндийг хуваалцаж, өөрсдийн нөөц боломжоороо хананы цаана орхигдоод буй тэдгээр хүүхдүүд, гэр бүлд туслахаар сэтгэл шулуудсан нэгэн хамт олон үйл ажиллагааныхаа албан ёсны нээлтийг хийлээ.
Тодруулбал, 2-15 насны хэвтрийн, саажилтттай, дауны синдромтой, аутизмтай, оюуны бэрхшээлтэй, сургууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдийг хүлээн авч асрамжлах 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийг хүүхдийн хөгжлийн Миний ертөнц ТББ албан ёсоор ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг нь одоогоор бүртгэлтэй 20 хүүхэдтэй бөгөөд дөрвөн багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 24 цагийн үйлчилгээтэй учраас дээр дурдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид нь бусдын адил нийгэмд байр сууриа эзэлж, хөдөлмөрлөж, амьдралаа авч явах бүрэн боломжтой болох юм.
Хэдийгээр хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмж, бусад эд материалын дутагдалтай байгаа ч сайхан сэтгэлт хүмүүс, хамт олны ачаар өдөр өдрөөр тохижиж, хүүхдүүдэд зориулсан тусламж, үйлчилгээ нэмэгдэж байгаа гэдгийг нээлтийн үеэр тус төвийн захирал Номинхүү дурьдаж байлаа.
Үндсэндээ 40 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц төв” нь нэмж хүүхэд авах юм байна. Хэрэв хүүхдээ энэхүү төвд хамруулахыг хүсвэл Миний ертөнц хүүхэд хөгжлийн төв гэсэн фэйсбүүк пэйж хуудсанд хандаж, эндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.