Монголын эдийн засгийн ээлжит чуулганы нэгдүгээр шатны хуралдаан төрийн ордонд эхэллээ. “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болох эхний шатны чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулна. Мөн Татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хувийн хэвшлийнхнээс гаргасан саналыг төсөлд тусган УИХ-д өргөн барих юм байна.
Нээлтийн үйл ажиллагааны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг танилцууллаа. Тэрээр энэ бол төрийн бодлогын суурь баримт бичиг. Нэгдмэл төлөвлөлт бол гурван тулгуурт бодлогын суурь юм. Сахилга хариуцлага бол гурван тулгуурт хөгжлийн бодлогын амин сүнс юм.
Гурван тулгуурт хөгжлийн бодлогын Эдийн засгийн реформ нь татварын реформоор эхэлж байна. Тогтвортой ХАА хөгжүүлэх, аялал жуулчлал, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх үндсэн зорилтыг энэ хүрээнд хийнэ.
Засаглалын реформын хүрээнд тогтвортой засаглалыг бэхжүүлнэ. Энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлнэ. Мөн төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцүүлнэ. Монгол төрийн албаны шинэчлэлийн үр дүнд сахилга хариуцлагатай, тогтвортой засаглалын зарчим тууштай хэрэгжих болно.
Иргэдээ чинээлэг болгох Нийгмийн бодлогын реформын хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжинэ. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулан ажиллаж байна. Татвар төлөгч, бизнес эрхлэгчиддээ дарамтгүй ажиллах нөхцөл бүрдүүлнэ.
Дундаж давхаргаа дэмжих хүрээнд Монгол хүний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Ажилгүйдэл, ядуурлыг арилгахын тулд ядуурлыг хяналтдаа авах ёстой. 250 мянган ядуу өрхийг бүрэн дүүрэн бүртгэж, ядуурлыг хянаж, шалтгаанаар нь ангилж, ангилал бүрт таарах ажлыг хийж орлогыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Чуулганы хүрээнд таван салбар хуралдаан болохоос гадна Уул уурхай ба үр өгөөж, Түлш, утаа, түгжрэл, шийдэл, Тогтвортой хөдөө аж ахуй – Хөгжлийн тулгуур, Хувьчлал ба шинэчлэл, Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Монголын эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулах юм байна.