АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, цагдан хориод байгаа билээ. Прокурорын байгууллагаас тэднийг яллагдагчаар татаж, шүүхээс 30 хоног хорих шийдвэрийг гаргасан юм. Тэд өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Тэгвэл саяхан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж News.mn сайтад тэдний талаар ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа экс Ерөнхий сайдуудыг жирийн иргэнтэй ижил нөхцөлд хоригдож байгааг дурджээ. Тэрээр “Нэг л зүйлийг онцолж хэлье. Цагдан хорих 461 дүгээр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон. Хамгийн сүүлийн жишээнээс дурьдвал С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Мөн Б.Ариунсангийн тулуй, чихрийн шижин өвчин нь хүндэрсний улмаас мөн тэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа” хэмээн ярьжээ. Ерөнхий сайд асан С.Баяр одоогоор хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.