Умард Солонгос улсад аялалаар явж байсан автобус осолдож, 36 хүн амиа алджээ. Тэдний 32 нь Хятад, дөрөв нь нутгийн иргэд байсан аж. Осол Ням гаригийн шөнө тус улсын хойд Хвангайд гарсан байна. Хятадын хэвлэл мэдээллийнхний дамжуулснаар жуулчдын зорчиж явсан цэнхэр өнгийн автобус нь бүтэн эргэлдэн онхолдож, их бие нь эвдэрч сүйджээ.
Умард Солонгосыг зорьдог жуулчдын 80 гаруй хувийг Хятад иргэд эзэлдэг бөгөөд Пхеньяны хувьд валютын чухал эх үүсвэр нь болдог аж. Хятад улс ч мөн нууц дэглэмт энэ орны хувьд улс төрийн гол хамтрагч нь, худалдааны хамгийн том түнш нь юм.
Үүнээс өмнө Хятадын CGTN телевиз Хятадын 30 гаруй иргэний сууж явсан автобус гүүрнээс унасан тухай твиттер хуудастаа жиргэсэн ч удалгүй устгасан байжээ.
Умард Солонгост аялдаг жуулчдын албан ёсны тоо тодорхойгүй ч жилдээ 100 мянга гаруй жуулчин очдог гэсэн албан бус тоо байдаг аж. Гадаадын жуулчид тус улсад хатуу дүрэм журмын дор аялдаг бөгөөд ихэнх нь засгийн газрын ажилтнуудын хараа хяналтан дор байдаг гэнэ.
Б.Болормаа