Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2018.05.03/ тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан сэтгүүлчид “Бидэнд яллахаас өөр эрхзүйн орчин алга” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
“VTV” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар: “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд нийт 49 удаагийн тохиолдлоор иргэний хариуцлага гэдэг торгуулийг сэтгүүлчид хүлээсэн байна. Улмаар хэдхэн сарын хугацаанд сэтгүүлчид 98 сая төгрөгийн торгууль төлжээ. Мөн 4-5 сэтгүүлч Эрүүгийн хуулиар яллагдагч болон татагдаад байгаа. Тэд хардах, шүүмжлэх, баримт материалыг дэлгэн тавих гэсэн гурван эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгагдсан байна. Зөрчлийн тухай хууль бол зөвхөн сэтгүүлчид төдийгүй нийт иргэдэд ч халтай заалт харагдаад байгаа юм. Сэтгүүлч баримт материалыг дэлгэснээрээ ард түмэнд үнэнийг дэлгэн үзүүлснээрээ буруутан болж байна. Зөрчлийн тухай хуулиар бид хулгайлсан, хүчиндсэн, бузарласан бүгдийг нээлттэй мэдээлэх эрхгүй болчихлоо. Олон нийтэд мэдээллэх юм бол Эрүүгийн хэрэг үүсгэн яллаж байна. Тиймээс сэтгүүлчдэд хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх огт байхгүй болсон. Мөн монгол эрэн сурвалжиллах сэтгүүл зүй байхгүй болсон байна.” гэв.
ТВ9 телевизийн сэтгүүлч Б.Батбилэг: “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх өдөр бол өнөөдөр. Сэтгүүлч бол зүгээр л хүн байдаг юм. Анх би 350 мянган төгрөгийн цалинтай байхдаа гурван хүнээс нэг өдөр, нэг дүүрэг дээр, нэг цагдаагийн хэлтэс дээр зуу зуун сая төгрөг нэхэмжилсэн зарлан дуудах хуудас хүлээн авч байсан. Сэтгүүлч Билэгээ ер нь хэн ч бай өөртөө хэрэгтэй нэг ч зүйлийг хэлдэггүй юм. Их хурлын гишүүдийн ёс зүйгүй үйлдлийг дэлгэн үзүүлснээрээ сэтгүүлч хожихгүй. Өнөөдөр ч би мэдэгдэл хүлээн авчхаад сууж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд хуулиар сэтгүүлчдийг боомилж байна. Одоо бид баримт материалтай мэдээлэл дэлгэж болохгүй болсон байна.Энэ байдал явсаар авлига хэвлэл мэдээллийн эрх чөлөө холбоотой явдаг юм байна гэдгийг сүүлийн хоёр жилийн жишээ харуулж байна. Сэтгүүлч хэвлэлийн ажилтан хараат байдал орчихоор авлига хээл хахууль цэцэглэж байна” гэв.
News Channel телевизийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Д.Майцэцэг” Эрэн сурвалжлах сэтгүүлч нийгэмд хамгийн ихээр өвчилсөн идээ бэрийг шахах ёстой гэж бодож байна. Гэтэл өнөөдөр сэтгүүлзүйн салбарт баримт нотолгоотой мэдээллийг бэлтгэхээр эрүүгийн хуулиар хүний нууцад халдсан гэсэн эрүүгийн хэргийн яллагдагч болж байна. Мөн сэтгүүлч хардах, дэвшүүлэх, бичихээр хүнийг гүтгэж байна хэмээн шууд яллаж байна. Өнөөдөр сэтгүүлч баримт материалыг ил гаргаж мэдээлэл нийтлэх боломжгүй болсон байна. Хууль хяналтыг байгууллага сэтгүүлчийг яллах тал руугаа орчихсон байна” гэв.
News Channel телевизийн сэтгүүлч н.Оюумаа: Мөрдөн байцаах газраас дуудаж тайлбар авна гэдэг . Очоод тайлбар өгчхөөд явсны дараа 20-оос хоног, эсвэл сар хүрэхгүй хугацаанд дараа прокуророос таныг яллагдагчаар татсан байна. Ирж тогтоол гардаж аваарай гэдэг. Нэг байдалтай байна. Би 2015 Баянзүрх дүүргийн тухайн үеийн Засаг даргын нэхэмжлэлээр жил гаруй шүүхээр явсан. Шүүхээр жил гаруй явахад нэг сэтгүүлч өөдөөс таван хуульч даргыг өмгөөлж байна. Өнөөдөр сэтгүүлч бидэнд өмгөөлөгч авах мөнгө байгаа билүү. Одоо зөрчлийн болон эрүүгийн хуулиар сэтгүүлчийн зоригийг мохоож, залхаан цээрлүүлж байгаа хуулиа эргэж харах хэрэгтэй байна” гэдгийг тодотгож хэлсэн юм.