БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 23-ны өдөр 2018 оны Хятадын ядуурлаас ангижруулах олон улсын форум зохион байгуулагдсан юм. Уг форумд Хятад улсын хэмжээнд ядуурлын эсрэг хэрэгжүүлсэн бодлогыг дүгнэн хэлэлцэж байлаа. Тухайлбал, Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ-д суугаа төлөөний газрын дарга Белел Дебэл “Өнгөрсөн 40 жилд Хятадын 800 сая ард иргэдийг ядуурлаас ангжируулсан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай, хамгийн өргөн цар хүрээтэй ядуурлыг бууруулсан ажил юм” хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Мөн энэ үеэр Хятадын Төрийн зөвлөлийн Ядуусыг дэмжих удирдах багийн орлогч дарга Чэнь Жиган хэлсэн үгэндээ “ХКН, Хятадын засгийн газар ядуурлыг арилгах ажлыг түүхэн үүргээ болгосоор ирсэн бөгөөд өөрчлөлт, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш 800 гаруй сая иргэнээ ядуурлаас ангижруулж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулсан түүхэн дэх гайхамшгийг бүтээсэн юм. Ялангуяа ХКН-ын XIX хурлаас хойш ядуурлыг бууруулах ажилд илэрхий ахиц гараад байна. Өнгөрсөн 5 жилд Хятадын ядуурлын хэмжээ ихээхэн буурч, хөдөө тосгоны ядуу иргэдийн тоо 2012 онд 98.99 сая байсан бол 2017 онд 30.46 саяд хүрч, 68.53 сая иргэний амьдралыг өөрчилж, жил тутамд 13.7 сая иргэнээ ядуурлаас гаргасан нь урьд байгаагүй түүхэн амжилт юм” гэдгийг тодотголоо.
Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн Монгол Улс, БНХАУ дахь төлөөлөгч Маттью Марчисио “40 жилийн тэртээ Хятадын ард түмний 70-80 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг, тэр үед олон хүний амьдрал тааруу байсан. Хятад улс өөрчлөлт, нээлтийн цуврал бодлого хэрэгжүүлж, ядуу иргэддээ илүү их ажлын байр гаргаж өгсөн. Өнөөгийн Хятадын ядуурлыг бууруулсан ололт амжилт үлгэр жишээ болж, хуримтлуулсан туршлагаа бусад орнуудтай хуваалцаж байна” гэсэн юм.