Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын Сингапурт болох дээд хэмжээний уулзалтын үеэр Сингапур хотын төвийн бизнесийн дүүрэг дэх Fullerton зочид буудалд байрлахаар төлөвлөж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сентоза арал дахь Capella зочид буудлыг сонгож магадгүй гэж “Straits Times” сонинд бичсэн байна. Энэ сарын 12-нд болох түүхэн уулзалттай холбоотой нарийн ширийн зүйлүүдийг Вашингтон, Пхеньяны өндөр албан тушаалтнууд эдгээр өдрүүдэд хэлэлцэж байгаа бөгөөд үүнээс өмнө БНАСАУ-ын генерал Ким Ён Чхол АНУ-д хүрэлцэн ирж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзан албан ёсны хэлэлцээр хийсэн юм. Гэхдээ хоёр улсын төрийн тэргүүнүүдийн түүхэн уулзалт Сингапурын нийслэлийн төвд орших Shangri-La зочид буудалд болох өндөр магадлалтай гэж олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм байна.