ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшүнд ярилцлага өгчээ. Тэрээр энэ ярилцлагадаа АНУ, БНАСАУ-ын тэргүүн нарын уулзалт үр дүнтэй болохыг хүсч буй бөгөөд Оросын тал энэ уулзалтыг амжилттай болгохын төлөө хичээх болно гэдгээ цохон тэмдэглэсэн байна.
ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын Чиндао дахь дээд уулзалт энэ сарын 9-10-нд болж, Путин хуралд оролцон, Хятадад төрийн айлчлал хийх юм.
Солонгосын хойгийн асуудлаар Путин хэлсэн үгэндээ “ОХУ, БНХАУ хоёр тал Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх ижил байр суурьтай төсөл өргөн барьсан юм. Сүүлийн үед Хятадын тал бүс нутгийн сөргөлдсөн уур амьсгалыг намжаах олон ажлыг хийж байгааг ОХУ бүрэн дэмжиж байна” гэжээ.
БНАСАУ-ын эрх баригчид балластик пуужингийн туршилт, цөмийн туршилтаа зогсоох зэрэг асуудлаа шийдвэрлэж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахын тулд урьд өмнө байгаагүй хүчин чармайлт гаргаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө чухал алхам хийснийг Путин өндрөөр үнэлж байна.
Тэрээр энэ талаар “БНАСАУ-ын тал Аюулгүйн баталгаа шаардаж буйг ойлгож байна. Өнөөгийн байдлаар баталгаа өгөх арга барил, хүчинтэй хугацаа зэргийг тодорхой хэлж мэдэхгүй ч бүс нутгийн улс орнууд аюулгүйн баталгаа өгөхөд хамтран оролцохыг хүсч байна” гэжээ.
ОХУ болон барууны орнуудын харилцааны талаар Путин хэлсэн үгэндээ Орос улс бие даасан, бүрэн эрхт хөгжлийн замыг баримталж, ямар ч хориг саадын өмнө бууж өгөхгүй гэдгээ онцолсон ба хориг арга хэмжээ авч ОХУ-ын хөгжилд чөдөр тушаа болно гэдэг ямар ч үр дүнгүй үйлдэл бөгөөд бусдыг хохироох гээд өөрөө хохирох болно хэмээн хатуухан хэлсэн байна. АНУ зэрэг барууны орнуудтай идэвхтэй сайн харилцаа тогтоохыг ОХУ хүсч байна гэж мөн энэ үеэр цохон тэмдэглэжээ.