МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр 17:00 цагаас 21:30 цаг хүртэл үргэлжилж, өндөрлөлөө. Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцсэн юм.
МАН-ын Удирдах зөвлөл албан ёсоор нэг л хүний нэрийг Нийслэлийн МАН-ын хорооны даргад дэвшүүлж, Нийслэлийн МАН-ын хорооны 34-р бага хуралд оруулахаар шийджээ. Ингээд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарыг нэр дэвшүүлж, нууц санал хураалт явуулсан аж.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд нийт 15 гишүүн нь хүрэлцэн ирсэн бөгөөд үүнээс С.Батболд 9, Д.Сумъяабазар 6 санал тус тус авсан байна. Ийнхүү МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад С.Батболдыг албан ёсоор нэр дэвшүүлэхээр боллоо.