ОХУ-ын Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол ёкозүна Харүмафүжигийн зодог тайлах ёслолд оролцож, үсэнд нь хайч хүргэжээ. Шолбан Кара-оол Тувад сүмо бөх хөгжүүлэх хүсэл, мөрөөдөлтэй хүн бөгөөд энэ хүслээ их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн тусламжтайгаар биелүүлнэ гэж итгэж яваа эрхэм билээ. Тэрээр өнгөрсөн зун, наймдугаар сард Тувад хүүхдийн бөхийн тэмцээн зохион байгуулж, сүмо бөхийн сонгон шалгаруулалт явуулсан ба энэ үеэр тэрээр Японы мэргэжлийн сүмод тува бөх байгааг онцолж байлаа. Энэ бол гадаадын анхны дунд сургуулиудын ёкозүна цолт Амартүвшингийн Амарсанаа билээ. Монгол аав, тува ээжтэй А.Амарсанаа 14 нас хүртлээ Тувад ээжтэйгээ амьдарч байгаад Монголд ирж тус улсын иргэншилтэй болсон боловч түүнийг тува бөх гэж нэрлэхэд ч буруудах юм огт байхгүй юм.
Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол Токиод А.Амарсанаатай уулзаж, нутаг орныхоо талаар хөөрөлдсөн ба өөрийн сэтгэгдлээ фейсбүүк дээрээ ийнхүү бичсэн байна. Тэрээр “Амарсанаатай уулзсандаа их баяртай байна. Түүнийг нутгаа санаж байгаа байх гэж бодсон минь оносон байлаа. Амарсанаа 3 жил Тувад очоогүй байгаа гэнэ. Би эх нутгаа санаж, бэтгэрсэн сэтгэлийг нь бага зэрэг ч гэсэн зассан байх гэж бодож байна. Чадах чинээгээрээ л сэтгэлээр дэмжлээ. Одоо А.Амарсанаад тун хариуцлагатай үе ирээд байна. Мэргэжлийн сүмогийн гараа нь эхэлнэ. Эгенин эгези дир, Чонум! Адааргаачал сеткил чокка, база бир чоленгииживис, сылдывызывыс бооп болур оглувус-дыр. Деткиилинер, тейлээлинер!- гэж бичжээ.
Мөн “А.Амарсанаа бол мэргэжлийн сүмогийн анхны тува бөх. Тэр Тувагийн уугуул ч аавынхаа амьдардаг Монголын иргэншил авсан юм. А.Амарсанаа одоо 19 настай, 135 кг, 183 см өндөр. Түүний өвөө Валерий Араптан хуреш бөхийн аварга хүн. Ээж нь одоо ч Тувад амьдарч байгаа. Намайг Япон явахыг сонсоод хүүтэйгээ уулзаарай гэж захисан. А.Амарсанаа сайн залуу, тэр Японы аварга болсон анхны тува хүн” гэж магтсан байна.