Дэлхий даяар олон мянган хүүхэд өдөр бүр ор сураггүй алга болсоор байна. Манай орны хувьд жилд 2000 гаруй хүүхэд алга болсон тухай дуудлага ирдэг. Үүнээс 90 хувь нь өдөртөө олддог бол бусад хүүхдүүдийг эрэн сурвалжилдаг байна. Ер нь хүний наймааны золиост ихэвчлэн хүүхэд өртдөг. Хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчгүйгээр хичээл сургуульдаа явж ирэхдээ энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь элбэг. Тиймээс хүүхдийг гудамж талбайд ганцааранг нь бүү явуул, тоглуул, хүүхдэд тавих анхаарлаа сайжруул гэж хууль цагдаагийн байгууллагаас байнга л анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Гэвч хүүхэд алга болсон тухай дуудлага, мэдээлэл үл тасарна.
Хүүхдийн хулгайн гэмт хэрэгтэй холбоотойгоор Орост нэгэн сонирхолтой туршилтыг хийжээ. Тэд зохион байгуулалттайгаар нэг хүүхэд хулгайлагдах гэж байгаа мэтээр жүжиглэж, үүнд гудамжинд яваа иргэд ямар үйлдэл үзүүлэхийг туршсан байгаа юм. Ингээд үр дүнгээс харахад туршилтад орсон нийт хүмүүсийн 80 гаруй хувь нь тухайн хүүхдийг тодорхой хэмжээгээр хамгаалах гэж оролдсон бол зарим нь хүүхдийн хулгайг үл ойшоож, тээршаасан байдал ч ажиглагдаж байгааг бичлэгээс харж болно.
Тэгвэл яг ийм туршилтыг манай “Эх орон” ТВ бас хийжээ. Харин монголчуудын хувьд тусламж эрсэн хүүхдэд 100 хувь туслахыг хүсч байлаа. Өөрөөр хэлбэл, хүүхэд хулгайлагдах гэж байж болзошгүй энэ тохиолдолд туршилтад оролцогчид бүгд, 100 хувь хүүхдийг хамгаалж авч үлдэх оролдлогыг хийж байна. Гэхдээ тусламж гуйж амжаагүй, чадаагүй тэр олон хүүхдүүдийн тоог цаашид нэмэхгүйн тулд хүн бүр хараа хяналтаа сайжруулах шаардлагатай.
Хүүхдийн хулгайч нар бага насныхны оюун санаанд нэвтэрч, хууран мэхлэх төлөвлөгөөгөө уран тансаг үгсээр хэрэгжүүлдэг гэдгийг бяцхан үрстээ анхааруулж хэлээрэй.