Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол 2013 оны 6-р сарын 19-ны өдрийн 11 цагт Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал”-ын комбинатын урд талд болж байлаа. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцож, олон сайхан үгсийг хэлж байсныг одоо ч тодхон санаж байна. Тэдний хэлсэн үгсээс ишилвэл,
-Ц.Элбэгдорж “… хамгийн чухал хороолол Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдах гэж байна. Нийслэлийн захиргаа энд ирэх нь байна. Харин хотын захиргаа байгаа газар иргэдийн хурал, иргэдийн төлөөллийн байгууллагууд ажиллахаар болж байна…”
-Э.Бат-Үүл ” … Их бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг болох Улаанбаатар шинэ төвийн зураг төслийн ажил бэлэн болсонтой холбогдуулан бид өнөөдөр энд хуран цугларч, түүхэн арга хэмжээнд оролцож байна. Ирээдүйд олимпийн хот болох шинэ Улаанбаатарын төвийг бид нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийг сонгон барихаар төлөвлөсөн нь санамсаргүй хэрэг биш юм. Баянхошууг бид 200 мянган хүн ам амьдрах хотын дэд төв болгон хөгжүүлж, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр зорьж байна…” гэж үг хэлж байв.
Хотын захиргааны шинэ цогцолборыг барихад 37,1 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд 2015 он гэхэд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо буюу олны нэрлэж заншсанаар “Ханын материал”-ын буурин дээр хотын захиргааны шинэ цогцолбор ашиглалтад орно гэж хэлж байв.
Тэдний энэ үгс Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороололд шинээр ашиглалтанд орсон орон сууцнуудын үнийг тэнгэрт хадаахад тун их ач тусаа өгсөн юм. Даанч Э.Бат-Үүл нарын мөрөөдөж байсан “Олимпийн хот” замхарч, Улаанбаатар хотын шинэ төв Сонгинохайрхан дүүргийг голж, Яармагийн дэнж буюу Нүхтийн ам руу зорилоо.
Үүний шалтгааныг хотын дарга асан С.Батболд “… Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь, тухайн газар нь хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй.
Хотын захиргааг Ханын Материал руу нүүлгэхээр барилгыг 132 сая долларын концессын гэрээгээр Унгарын компаниар бариулах ажил яригдаж байсан. Концессын гэрээ нь хүчингүй болсон. Баянхошуу дэд төвийг хөгжүүлнэ. Хотын захиргааг барихаар төлөвлөсөн байсан газарт орлогод нийцсэн орон сууц барихаар НОСК ажиллаж байна. Ханын Материалын эцэс, Баянхошуу орчмыг орон сууцны хороолол болгоно. Нүүх дуртайдаа эсвэл шинэ байранд орох гээд байгаадаа биш хот өөрөө үлгэрлэж хотын төвөөс нүүж болдог юм байна. Захиргааны байгууллага нь гарч болдог юм байна гэдгийг төрийн захиргааны байгууллагууд болон бусад газруудад харуулахыг зорьж байгаа юм” гэж 2018 оны долдугаар сард хэлж байжээ.
Тэгэхээр нэгэнтээ шав тавьчихсан юм чинь орон сууцны хороолол ч болтугай болгоё. Харин удирдлагууд Нүхт рүү нүүнэ л гэдгээ хэлчихсэн байгаа юм. Одоо та бүхэн яармагийн дэнжид өрнөж буй бүтээн байгуулалт барилгажилтыг харж байгаа байх. Маш олон барилга, орон сууц асар богино хугацаанд сүндэрлэлээ. Харин ханшийн хувьд өндөр.
Эндээс хотын орон сууцны компаниудыг маркетингийг хийж өгөхөөс гадна, худалдан борлуулалтад ч бас давхар хавсран ордог юм уу гэж бодогдоход хүргэж байна. Дээр дурдсан асуудлуудыг эргээд харахад, 21 дүгээр хороололд баригдсан барилгуудыг тэнд хотын захиргаа нүүж очно гэж хуураад л зарчихлаа шүү дээ. Одоо яармагт баригдаж буй барилгуудыг зарахын тулд мөн л хотын захиргаа нүүнэ, шав тавьж байна гэх мэтээр хууралт явагдаад байгаа ч юм шиг. Удалгүй шар хадны эцэст барина гэх вий дээ …
Шар хүү