Хятадын “үнэгний ав” үргэлжилсээр байна. Энэ удаад Интерполийн Ерөнхийлөгч асан, Хятад улсын иргэн Мэн Хонвэйг авлигын хэргээр яллахаар болсон тухай Коммунист намын албан ёсны мэдээллийн сувгаар зарлажээ.
Мэн Хонвэйг Интерполийг удирдаж, Франц улсад ажиллаж, амьдарч байхад нь 2018 оны есдүгээр сарын сүүлээр баривчлан хятадад авч ирсэн байна. Үүний дараа намаас хөөж, бүх албан тушаал, цол хэргэм, хууль бусаар олж авсан эд хөрөнгийг нь хураан авчээ.
Мэн Хонвэй баривчлагдсаныхаа дараа Интерполын тэргүүнээс огцрох хүсэлтээ гаргасан байна.
Хятадын Коммунист намаас Мэн Хонвэйг албан тушаалаа ашиглан хувийн нэр нөлөөгөө өсгөсөн, төсвийн хөрөнгийг гэр бүлийнхээ тансаг амьдралыг санхүүжүүлэхэд зарцуулсан гэж буруутгажээ.
Мэн Хонвэйн гэргий Грэйс Франц улсаас улс төрийн орогнол хүсэж, тус улсын хамгаалалтад байгаа. Мөн нөхрийнхөө хэргийн талаар Хятадын төрийн тэргүүнтэй ярилцахыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макронд хүссэн захидал илгээсэн тухай BBC мэдээлжээ.
Мэн Хонвэй 2016 оны арваннэгдүгээр сард Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хятад хүн болсон юм. Тэр 2020 он хүртэл энэ албыг хаших ёстой байсан ч ийнхүү авлигын хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдаад байна. Харин интерполийн Ерөнхийлөгчөөр Өмнөд Солонгосын Ким Жон Ян сонгогдоод байна.