Өнөөдрөөс эхлэн гурав хоногийн туршид нийслэл хотод Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгуулагдаж байгаа билээ.
Энэхүү сургуулилтад нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллагаууд хамрагдах бөгөөд 25-ны пүрэв гаригт олон нийтийг хамарсан сургуулилт зохион байгуулагдах юм. Иж бүрэн сургуулийн үеэр иргэдийн хүлээх үүрэг болон анхаарах зүйлсийг хүргэе.
1. Нийслэлийн замыг бүрэн хаана
Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн авто замыг бүрэн хааж, хотоос автомашин гаргахгүй мөн оруулахгүй. Иймд тухайн өдрийн 07.00-09.30 цагийн хооронд нислэгтэй иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд цагаа тохируулж ирэхийг МИАТ ТӨХК-аас анхааруулж байна. Харин энэ үеэр түргэн тусламж, цагдаа, онцгой байдал гэх байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд үүргээ гүйцэтгэнэ.
2. Зарлан мэдээлэх дохиогоор аюулгүй талбайд цуглана
Дөрөвдүгээр сарын 25-ны пүрэв гаригийн 08.00 цагт зарлан мэдээллийн дохио нийслэл даяар дуугарахад орон байрнаасаа гарч аюулгүй талбайд цугларна. Тухайн үед та дуут дохиог сонсоогүй ч цуглах үүрэгтэй.
3. Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан
Автозамын хөдөлгөөн 09.30 цагт эхлэх бол ажлын цаг 10.00-19.00 цагийн хооронд үргэлжилнэ.
4. Архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль үргэлжлэх 24-26-ны өдрүүдэд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ үзүүлэхийг хоригложээ.
5. Орон сууцанд амьдардаг бүх айл оролцоно
Нийслэл хотод амьдарпаг бүхий л айл сургуулилтанд оролцох үүрэгтэй. Үүнтэй холбогдуулан айлуудад “Таниулах хуудас” тараасан. Дадлага сургуулийн үеэр иргэд өөрийн дүүрэг, хорооны аюулгүй талбайд гарч бүртгэлийн ажилтанд “Таниулах хуудас” өгч бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн хуудсаараа байгууллагын удирдлагад өгч цагаа бүртгүүлэх боломжтой болно.