Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болгосон байна.
Байгалийн түүхийн музей нь анх 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагджээ. Музейн энэхүү барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригдсан аж. Одоо музейн барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан бөгөөд, 2013 оноос тус музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.