УИХ ард бидэнд мэдэгдэхгүйгээр арай л биш хуулиудыг баталчихдаг нь “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААТАЙ” холбоотой хууль юм. Хууль зүй, Дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр “уг нь гэмт этгээдийг илрүүлж, ял шийтгэх хүртэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгахгүй байхаар хуулийн төсөл өргөн барьсан юм. Гэвч хуулийг хэлэлцэх явцад өөрчлөгдчихсөн” гэх тайлбар хийж байна. Тэгэхээр УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны гишүүд л эрх ашгийн зөрчилтэй хууль боловсруулчихжээ гэж түүний тайлбараас ойлгохоор. Энэ хороонд Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар байдаг.
Тэдний 2017 онд боловсруулж, батлуулсан алдаатай хуулийн балгаар МХЕГ-ын авлига авсан албан тушаалтнууд өнөөдөр ял завшихлаа. Тэдэнд зориулсан хууль биш л дээ.
Алсдаа төр түшиж байгаа нөхдүүд л өөрийн үйлдсэн хэргээ хаацайлах, ял завших төлөвлөгөөтэй байсан нь энэ хуулийн зохицуулалтаар харагдаж байна.
Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг шалгагдаж эхлээд гурван жил болчихлоо. Энэ хугацаанд хэргийг хэд хэдэн удаа шүүхэд шилжүүлэхийг оролдсон ч нэмэлт мөрдөн байцаалт явуулах нэрээр буцаасаар байгаа юм. Үндсэндээ нөгөө хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаатай л цаг хожих үйлдэл гэж ойлгож болно.
Олны анхаарал татсан, улс төрчдийн холбогдсон, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэргүүд ч яг энэ замаар цаг хугацаа хожиж, мөрдөн байцаагчийн өрөөнд хадгалагдсаар байгаа. Удаж, удаж шийдвэрлэгдээд шүүхэд шилжмэгц ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА дууссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хуулиар үүнийг зөвшөөрчихсөн болохоор бид яаж ч эсэргүүцэж, хашгираад нэмэргүй.
Тэгэхээр энэ завхралыг засахын тулд дэд сайд асан Б.Энхбаярын яриад байгаа хуулийн төслийг яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн бол заавал шийтгэл хүлээх учиртай. Хуулийн цоорхойгоор ял завшдаг байж болохгүй. Хэрвээ ийм алдаатай, ашиг сонирхлын зөрчилтэй хууль баталж, тэр нь бидэн баригдсан баталсан, боловсруулсан болгоныг хатуу шийтгэж, дахин ийм алдаа гаргахгүй байхыг бусдад нь анхааруулах ёстой. Монгол Улс хуультай, хууль нь бүгдэд тэгш үйлчлэх боломжийг шаардаж байна.