Өнгөрсөн амралтын өдрөөр АНУ-ын Техас болон Охайо мужуудад 13 цагийн зайтай террорист халдлагууд гарч олон хүний амь үрэгдсэн хэрэг гарсан билээ. Бямба гаригт Охайо мужийн Дейтон хотноо 24 настай Коннор Бетс гэгч этгээд ганцаараа галт зэвсэг хэрэглэн 9 хүнийг хороож, 27 хүнийг шархдуулсан юм. Түүнийг уг тодорхойгүй шалтгаанаар гэмт хэрэг үйлдэж байхад нь цагдаагийнхан буудан хороосон юм.
Тэгвэл энэхүү хэргээс 13 цагийн дараа Техас мужийн Эль-Пасо дахь хүнсний дэлгүүрт нэгэн этгээд винтов буугаар зэвсэглэн халдаж 20 хүний амийг хороон, 30 гаруй хүнийг шархдуулсан байна. Гэмт этгээд нь 21 настай эрэгтэй хүн бөгөөд уг халдлагыг үйлдсэнийхээ дараа цагдаа нарт бууж өгсөн байна.
Эдгээр харамсалтай явлууд гарсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гурван өдрийн хугацаатай үндэсний хэмжээний гашуудал зарлаад байна. Үндэсний гашуудлын хүрээнд наймдугаар сарын наймныг хүртэл АНУ болон тус улсын хилийн чанад дахь төр захиргааны байгууллагууд төрийн далбаагаа бөхийлгөх юм байна.