Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц болон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн найман хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.08.19/ зургаа дахь өдрөө үргэлжилнэ.
Улсын прокурорын зүгээс Б.Хурц нарын есөн хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаад байгаа.
Тус шүүх хуралд оролцогч нар болон олон нийт шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргана хэмээн ихээхэн найдаж байгаа юм.
133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ
• 133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ
• 251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.