УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон, хязгаарлах арга хэмжээ авсан үед иргэдийн орлого зогссон тул НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ хуулийн төслийг дэмжи байна. Гэхдээ үүнээс илүү үндсэн НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байна. УИХ-ын гишүүд иргэдийн орлого багассан гэж яриад байх юм. Ард иргэдийн орлого зогссон, та нарынх багассан байх. Энэ үед НӨАТ-ыг 5 хувь болгох нь зүйтэй” гэсэн юм.
Одоо хэлэлцэж буй хуулийн төсөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан.
Тусгайлан НӨАТ-аас чөлөөлөх бус өөр арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг зарим гишүүд ч саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Зуд болоход нохой зоолдог гэж үг байдаг. Бэрхшээл гарахад том аж ахуйн нэгжид ашигтай зүйл хийхээ больмоор байна. Үнэ тогтвортой байна гэдэг тэдэнд зуйрч байна гэсэн үг. 100-аад тэрбум төгрөг, 16.5 хувиар бууруулж байгаа зүйлээ жирийн иргэдэд хүртээмээр байна. Жирийн иргэдэд хүртээдэг маш олон боломж байна. 100 тэрбум төгрөгийг эмзэг бүлгийн 200 мянган өрхөд хуваарилах нь илүү дээр. Том аж ахуйн нэгжүүдэд олгосон хөнгөлөлт чинь жирийн иргэдэд наалдахгүй байна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Иргэдэд шууд хүргэдэг арга замыг л ашиглах хэрэгтэй байна. Бид шуурхай ажиллах хэрэгтэй байна. Би цар тахалтай холбоотой түр хороонд орсон. Хоёр удаа хуралдсан. УИХ-ын даргад нэг бичиг явуулсан очоогүй байх шиг байна. Засгийн газрын тогтоолд тусгасан 23 арга хэмжээ эдийн засгийг дэмжиж, иргэд аж ахуйн нэгжид хүрэхгүй. Банкны зээлтэй холбоотой тогтоол гарсан бас л одоо хүртэл иргэдэд хүртээлгүй байна. Бид шуурхай, бүтээлч ажилламаар байна. Бид эрсдлээ хуваалцах ёстой. Засгийн газар хуралдаж шийдвэр гаргаад Монголбанк ч юм уу хэн нэгнийг шахдаг. Өнөөдөр өөрсдөөсөө асуудлыг зайлуулаад нөгөөгөө түлхэж болохгүй. Хамтарч эрсдлийг үүрэх ёстой” гэв.