Улс орнууд “Ковид-19”-ийг хөл хориогоор биш шинэ технологи, инновацийн амжилтаар ялан дийлж байна.
“Ковид-19” цар тахал дэлхийн улс орнуудад бүртгэгдээд бараг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Монгол Улсын хувьд харьцангуй удаан хугацаанд халдварын тархалтыг дотооддоо алдалгүй барьж чадсан. Харамсалтай нь дотоодод халдварын голомт бий болсон нь нэгэнт тодорхой болж, Засгийн газраас улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Бид өнгөрсөн 18 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд байлаа. Одоо хатуу хөл хориог цаашид сунгах эсэх асуудал яригдаж, судлаачид мэргэжлийн байгууллагууд өөрсдийн санал бодлыг дэвшүүлсээр байна.
“Ковид-19” цар тахал дэлхийн нийтийг цочроосон ч гэлээ улс орнууд хөл хөдөлгөөнийг хумихын зэрэгцээ энэ өвчлөлтэй зохицох эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Монгол Улс ч гэсэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засаг, ААН болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдээ бодитойгоор дэмжих бодлого хэрэгжүүлэх нь чухал байна. Ирэх сарын 1-нээс эхлэн хатуу хөл хориог үргэлжлүүлбэл бизнесийн байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд санхүүгийн дарамтад орж, 400 гаруй мянган хүн ажил орлогогүй болохыг энэ чиглэлийн судалгаанууд харуулж, анхааруулсаар байна.
Иймд цар тахлаас иргэд, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засагтаа ч хамгаалалт хийх нь чухал байна. Цар тахлыг хамгийн бага хохиролтой туулсан орнууд болох Сингапур, Тайвань, Япон, БНСУ, Шинэ Зеланд гэсэн орнуудаас туршлага судалж, нэвтрүүлэх хэрэгтэй. Тэд ч мөн адил эхэн үедээ Монгол Улс шиг хатуу хөл хорио тогтоож байсан ч хэзээ нэгэн цагт алдах нь тодорхой гэдгийг ойлгож урьдчилсан арга хэмжээнүүдийг бэлтгэж нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байв. Тэдний гол сайн туршлага бол цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүддээ дэвшилтэт технологи, инноваци шингээж чадсан байдал юм.
Тухайлбал: албан байгууллага, үйлчилгээний байгууллага, орон сууц, гудамж зэрэг хүний орж гарч болох бүхий л барилгад QR Code байршуулсан улс орон олон байна. Тухайн объект руу нэвтэрч буй иргэн QR Code-оо уншуулан нэвтэрч, гарахдаа бас уншуулна. Мөн QR Code уншигч аппликейшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлж тухайн иргэний аливаа объектод нэвтрэх болон гарах үйлдлийг бүртгэж авснаар халдвар илэрвэл маршрут нь тодорхой болж байна. Мөн сэжигтэй тохиолдлын 1, 2-р хавьталд орсон иргэнийг мэдэж авах, сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн маршрутад явахгүй байхыг аппликейшнээр дамжуулж бусдад сануулах арга хэмжээ авч байна.
Энэ мэтчилэн инноваци, дэвшилтэт технологи ашиглан ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж дэлхий нийт цаашид хөл хорио тогтоож халдварт өвчнөөс сэргийлэх биш шинэ технологиудыг ашиглан “Ковид-19”-ийг дарангуйлж, дарах ийм туршилт судалгаануудыг туршиж, хэрэгжүүлж амжилтад хүрсээр байна.