Нийслэлд жилд дунджаар 26 мянга гаруй иргэн цусаа хандивладаг ч энэ тоо хөл хорионы үед багасчээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэдээлснээр цус цуглуулалт 50 хувиар буурсан байна. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сард цуглуулсан цусны нөөцийг энэ оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурсан аж.
Ялангуяа цус алдалт хавдрын эмчилгээ зэрэг олон тохиолдолд хэрэглэдэг ялтаст эсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид хүндрэл учирч болзошгүй байгаа аж.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв одоогоор сийвэнгийн бүтээгдэхүүний нэг жилийн нөөцтэй байгаа бол улаан эсийн 10 хоногийн нөөцтэй байгаа аж.
Харин цусны нөөц буурч байгаа нь цусан бүтээгдэхүүнийг тогтмол хангахад хөл хорионоос үүдэн тодорхой хэмжээний эрсдэл үүсээд байгаа юм байна.
Иймд доноруудыг цусаа хандивлахыг уриалжээ. Учир нь цусаа өгөх иргэд багасч, цус цуглуулалт буурсан бол эсрэгээрээ эмнэлгүүдийн цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүй гэнэ. Иймд тус төвөөс шаардлагатай цусан бүтээгдэхүүнийг хангахын тулд доноруудад урилга илгээх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Хэрэв тус төвөөс уриалга хүлээн авсан бол тухайн урилгаа үзүүлэн зорчиж цусаа бэлэглэх боломжтой юм байна.