Монгол Улсад коронавирусний вакцин энэ оны эхний улиралд багтан орж ирэх бөгөөд, вакцин хийлгэсэн иргэдийг цахим бүртгэлд хамруулна гэдгийг Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдээлэв.
Учир нь дэлхийн олон орон энэ оны сүүлийн хагасаас вакцин хийлгэсэн хүнийг л хилээр нэвтрүүлнэ гэсэн шийдвэр гаргах магадлалтай байгаа юм. Тиймээс вакцин хийлгэсэн тухай мэдээллийг иргэний бүртгэл, гадаад паспорттой нь уялдуулах шаардлага үүснэ гэдгийг тэрбээр онцлов.
Шадар сайд Я.Содбаатар, “Монгол Улс Дархлаажуулалтын хуультай. Энэ хуулиар вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг. Монгол Улсын вакцинжуулалтын горим, дэд бүтэц сайн улсын тоонд ордог. Ялангуяа, хүйтэн хэлхээ 8 хүртэлх хэмийн хүйтэн буюу дэлхийн хэмжээнд гарч байгаа 7-8 вакциныг 3-ыг нь шууд хүлээж авах боломжтой. Хамгийн их хэрэглэж байгаа Файзер болон Модернагийн вакциныг -20, -70 хэмд хадгалж байгаа. Гэхдээ манай улс -70 хэмд вакцин авах хөргүүрийн нөхцөлийг судалж байгаа бөгөөд бидэнд боломж байна. Энэ талын хэд хэдэн ажил шат дараатай явж байгаа.
Нэгдүгээрт, вакцинжуулалтын төлөвлөгөө. Голомтод ажиллаж байгаа эмч нараас эхэлнэ. Тэгээд суурь өвчтэй хүмүүс, ахмад настан гээд хуваарь нь гарсан байгаа. Эхний удаад вакцинжуулах 10 мянган хүнийг нэр усаар нь, салбар, байршил гээд бүх зүйлийг нь гаргах ажлыг баг ажиллаж байна.
Мөн вакцины дэд бүтэц буюу манай улсад байдаг хөргүүрүүд ажиллаж байгаа эсэх, хэдийг нь шинэчлэх, ХӨСҮТ-ийн агуулахын хэмжээ зэргийг судлах ажлын баг гаргасан. Вакцины ач тусаас эхлээд вакцинжуулалттай холбоотой мэдээллийг ард түмэн, хэвлэл мэдээллийнхэнд ил тод хүргэх бэлтгэл хийж байна. Монгол Улс гадаадаас вакцин авахаар 3 чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд эхний ээлж ирэх мэдээтэй байгаа.
Үүнээс өмнө Монгол Улс вакциныг батлах түр журам батлах ёстой бөгөөд одоогоор журмыг боловсруулж байгаа. Үүний дараа хувийн хэвшлийн байгууллагууд Монгол Улсад бүртгэлтэй, ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакциныг оруулж ирэх эрх нь нээгдэнэ. Хувийн хэвшлийг ч бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа” гэлээ.