Шумуулаар дамжин халдварладаг \”Зика\” вирус Ази тив даяар тархах эрсдэл өндөр хэвээр байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.
\”Зика\” вирусийн халдвар авсан хэдэн зуун тохиолдол Сингапурт бүртгэгдээд байгаа бол уг вирусийн халдварын улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн хоёр тохиолдол Тайландад гарсан байна. Шумуулаар дамждаг энэ вирусийн халдвар дэлхийн 70 гаруй оронд, тэдгээрийн дотор Ази-Номхон далайн бүс нутгийн 19 улсад тархаад байгаа юм.
Филлиппиний нийслэл Манила хотод болж буй ДЭМБ-ын жил бүр болдог бүс нутгийн уулзалтын үеэр тус байгууллагын захирал Маргарет Чан \”Энэ вирусийг устган дарах арга замыг судлаачид хайсаар байгаа ч харамсалтай нь олон бэрхшээлтэй тулгараад байна\” гэв. Насанд хүрсэн хүн \”Зика\” вирусийн хапдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна. Энэ вирус 2015 оны хавраас Бразилд тархаж эхэлсэн билээ.
\”ЗИКА\” ВИРУСИЙН ТАЛААР ХҮМҮҮСИЙН АСУУЖ БУЙ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУДЫГ \”NEW YORK TIMES\” НЭРЛЭЖЭЭ
1. Вирус шумуулаар хэрхэн дамждаг вэ?
-Зөвхөн эм шумуул л хүмүүсийг хаздаг. Халдвар авсан шумуул хүн хазах үед шумуулнаас ялгарч буй шүлсээр дамжин халдварладаг байна.
2. Вирус илэрсэн бүс нутгийн яг аль хэсэгт нь халдвар авах өндөр эрсдэлтэй вэ?
-Вирусийг тээж буй \”Aedes\” төрлийн шумуул тогтмол устай бүс нутагт олноор амьдардаг. Энэ төрлийн шумуул нь АНУ-ын Флорида болон Персийн булангийн эрэг дагуу олноор тархсан байдаг. \”Aedes\” төрлийн шумуулын нэг болох \”Азийн бар\” шумуул нь Хавай орчмын бүс нутагт байдаг.
З.Вирусийн халдвар бэлгийн замаар дамждаг гэдэг нь батлагдсан уу?
-Олонх хүн вирусийг зөвхөн шумуулаар дамждаг хэмээн ойлгож ирсэн бол тус вирусээр халдварласан хүнтэй бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдвар дамждаг гэдэг нь тогтоогдсон. АНУ, ХБНГУ, Франц, Итали зэрэг 10 гаруй оронд бэлгийн замаар халдварласан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вирус тархсан бүс нутагт амьдарч буй эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй анхааруулж байна.
4. Вирусийн халдвар нярайн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Вирус тархинд нөлөөлдөг нь батлагдсан ч хэрхэн, яаж нөлөөлдөг вэ гэдгийг өнөөг хүртэл эрдэмтэд судалсаар байна. Вирус эхэсийг нэвтэлж ургийн мэдрэлийн эсэд богино хугацаанд хурдацтай нөлөөлдөг байна.
5. Халдвар авснаа хэрхэн мэдэх вэ, ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ямар нэгэн тодорхой шинж тэмдэг, хүчтэй өвдөлт, илт улайлт, хавдалт мэдэгдэхгүй. Зөвхөн цус болон шээсний шинжилгээгээр вирусийн халдвар авсан эсэхийг тогтоож болно.
6. Ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр халдвар тархаагүй бүс нутагт очиж амьдрах хэрэгтэй юу?
-Халдваргүй бүс нутагт очиж амьдран, ойр ойрхон шинжилгээ өгч байх хэрэгтэй. Аль болох жирэмслэхгүй байх хэрэгтэй.
7. Би вирус тархсан бүс нутагт амьдардаг. Саяхан жирэмсэн болсон. Тэгэхээр хүүхдээ авахуулах хэрэгтэй гэсэн үг үү?
-Бразил, Колумб, Эквадор, Эл Сальвадор, Ямайк зэрэг улсын Эрүүл мэндийн байгууллагынхан жирэмсэн эхчүүдийг хүүхдээ авахуулахыг санал болгож байгаа. Түүнчлэн зарим бүс нутагт жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эхчүүдэд зөвлөгөө өгч, жирэмслэлтээ хойшлуулах ургаа авахуулахыг зөвлөж байна.