УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авлаа.
Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ.
Тодруулбал, тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна.
Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээр шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, үүнийг хүлээн авах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.