Монгол Улсад улс төрийн ууган хүчин болох МАН байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр өнөөдөр/2021.03.01/ тохиож байна. Түүхт өдөртэй холбогдуулж, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтнүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга нар оролцов.
Жил бүр тохиодог энэхүү түүхт өдрийг 2004 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2010 онд МАХН нэрийг өөрчлөн МАН болсныг Н.Энхбаяр тэргүүтэй хэсэг гишүүд эсэргүүцэн, МАН-аас өрх тусгаарлан, МАХН-ыг байгуулсан. Тэр цагаас хойш МАН, МАХН хоёр дээрх өдрийг тусдаа тэмдэглэж ирсэн бол өнөө жил хамтдаа цэцэг өргөж, ёслолоо.