Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын байнгын хороод хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Үүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд ингэснээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн эсэргүүцэл бичсэн юм билээ. Энэ дүгнэлт нь эргэлзээ дагуулж байна гэсэн үг. Тиймээс АН хуульд заасны дагуу тав хоногийн завсарлага авч байна” гэсэн юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 16.00 цаг хүртэл завсарлага өглөө.