ТБИЛИСИ. /RIA Novosti/. Гүржийн сөрөг хүчний намууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, тэднийг дэмжигчид Засгийн газраа огцрохыг шаардан Тбилиси хотын төвд жагсаж, тэдний зарим нь Засгийн газрын ордны өмнө шөнийг өнгөрүүлсэн байна.
Жагсаал ням гаргийн орой парламентын ордны өмнө эхэлжээ. Жагсаалд оролцогчид Гүрж улсыг Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсүүлэх нэр дэвшигчийн статусыг авахын тулд шинээр байгуулагдах Засгийн газар зохих шинэчлэлийг хийж чадна, харин эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам хийж чадахгүй гэж үзэж байгаа аж.
“Бидний зарим нь хонохоор энд үлдэнэ. Өглөө бид Ерөнхий сайдад тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж, ойлгохгүй байгаа зүйлийг нь хэлнэ” гэж жагсаалд оролцогчдын нэг хэлжээ.
ЕХ-ны орнуудын төр, засгийн тэргүүн нар өмнө нь Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Украин, Молдова улсуудад тус холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг олгохыг зөвшөөрсөн юм. Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель хэлэхдээ, ЕХ-ны Зөвлөл Гүржийн хүсэлтийг зөвшөөрөх шийдвэр гаргасан бөгөөд тогтоосон тэргүүлэх чиглэлүүд биелмэгц статус олгоход бэлэн байна гэжээ. Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус авахын тулд тус холбооны 12 болзлыг биелүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн өдрүүдэд мэдэгджээ.