Монголын соёлын биет өвийг хадгалж хамгаалах талаарх эрдэм шинжилгээний хурал анх удаа болов. Хуралд түүхчид болон тус салбарын албаны хүмүүс оролцон, соёлын өвийг хамгаалахад дутагдаж буй асуудлууд, цаашид ямар бодлого баримталж хөгжүүлэх талаар ярилцлаа.
Японы Соёлын өвийн гамшиг, эрсдэлийн менежментийн төвийн дарга, Соёлын яамны харьяа “Нарагийн соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнгийн зөвлөх Коүзүма Ёүсэй “Монгол маш олон жилийн соёлын үнэт өвийн түүхтэй улс. Одоогоор соёлын үнэт өвийг хамгаалахад хамгийн тулгамдсан асуудал нь боловсон хүчин. Үүнийг шийдвэрлэхэд урт хугацааны, 10-20 жилийн бодлого боловсруулах хэрэгтэй. Дээрээс нь энэ салбар руу орж ирэх хүмүүст ажиллах нөхцөлийг сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Монгол, Япон Улс хоёул соёлын өвөө дээдэлж хамгаалдаг. Япон эрт дээр үеэсээ соёлын үнэт өвөө хамгаалах талаар олон оролдлого хийсэн учир туршлагын хувьд илүү боловсронгуй болсон. Монголын хувьд энэ салбарыг илүү сурталчилж, урт хугацааны бодлогоор хөгжүүлж чадвал соёлын өвөө хадгалж үлдэж чадна” гэв.
Соёлын өвийг Соёлын өвийн үндэсний төв, Хархорин музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Үндэсний музей, Улаанбаатар их сургууль, мөн ШУТИС зэрэг газруудад сэргээн засварлаж байна.
Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбооны тэргүүн О.Ангарагсүрэн “Соёлын өв сэргээн засварлахыг илүү мэргэжлийн түвшин рүү чиглүүлэх ёстой юм. Соёлын өвийг засварлахад тулгамддаг хэд хэдэн асуудал бий. Эхнийх нь боловсон хүчин тул соёлын өвийг сэргээн засварлагч бэлдэх шаардлагатай.
Дараагийн асуудал нь лаборатори, тоног төхөөрөмж хэрэгтэй. Соёлын өвийг анх байсан төрхөөр хадгалж хамгаалах нь соёлын өвийн гол онцлог.
Түүнийг хойч үедээ үлдээх нь соёлын өвийн үндсэн чанар юм. Сэргээн засварлах нэрийдлээр өөрчилж, гоё болгох гэдэг нь хамгаалах биш юм. Өөрчлөгдсөн соёлын өв үнэ цэнээ алддаг. Үүнийг мэргэжилтэн судлаачид маань анхаараасай гэж хүсэж байна гэв.