Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаяхаар болжээ.
Энэ талаар Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр /2023.09.25/ мэдээлэл хийлээ.
Ажил хаялтад одоогоор 160 гаруй сургууль нэгджээ. Эдгээр ажил хаялтад нэгдсэн сургуулийн 30 гаруй нь нийслэлийнх бол бусад нь орон нутгийн сургуулиуд юм гэдгийг тэд тодотголоо.
Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн н.Мөнхбаатар:
-Бидний зүгээс есдүгээр сарын 11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.
Бид багшийн цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалин 350 ам.долларт л хүргэсэн.
Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр.
Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянган гаруй төгрөг авдаг. Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй. цэцэрлэгийн багшид мөн анги удирдсаны нэмэгдэл олгох шаардлага байна гэлээ.