Бельгийн Вант Улсын Элчин Сайдын Яамнаас гитарчин Арам Ван Баллертын тоглолтыг өнөөдөр УДБЭТ-т театрт зохион байгуулна.
Энэхүү тоглолт нь Бельгийн Вант Улсаас Монгол Улсад зохион байгуулж буй анхны соёлын арга хэмжээ аж. Уг тоглолтоор дамжуулан Бельгийн Вант Улс нь Монгол Улстай улс төр, эдийн засаг, соёлын харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаа юм.
Бельгийн Вант Улсаас Монгол Улсыг хамааран суугаа Элчин сайд Марк Винк, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол, Бельги улсын харилцаа хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Уран бүтээлч Арам Ван Баллертын концерт нь Монгол, Бельгийн ард түмний цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Арам Ван Баллерт нь Белгийн чөлөөт уран бүтээлч бөгөөд Антверп хотын симфони оркестрын зочин хөгжимчин юм. Тэрээр Лувэйн их сургуулийн Урлагийн коллежийг Рафаэлла Смитсийн удирлаган дор төгсөж улмаар тус хүрээлэндээ профессороор ажиллаж байв. Мөн тэрээр өөрийгээ шинээр нээх, хурцлахын тулд Парис, Барселона хотыг зорин, алдарт гитарчин, хөгжимийн зохиолч Жорже Кардосо, Мариа Луйза Анидо нартай хамтран ажиллажээ. Улмаар 1994 онд Францын Алсара хотод болсон “Concours International de la Guitare” буюу Олон улсын гитарчдын тэмцээнээс анхны шагналаа хүртжээ. Мөн Бельгийн “Клара үндэсний радио станц”-тай хамтран уран бүтээлийн “Danza” цомгоо 2002 онд, Аргентин, Балкан болон Орос үндэстний хөгжмөөс бүрдэх “TRI” гурамсан цомгоо гаргаж , Европ, Африк, Ойрх Дорнодын орнуудаар аялан тоглосон байна.
2012 оноос тэрээр бие даан хөгжмийн зохиол туурвин, уран сайхны болон олон ангит киноны хөгжим бичиж, алдарт хөгжмийн найруулагчид болох Жан Матис, Стин Конин нартай хамтран ажиллаж эхэлжээ. Арам Ван Баллерт поп хөгжимийн ертөнцөд ч алдартай бөгөөд, Ронни Мозюз, Novastar болон The Clement Peerens Explosition зэрэг рок поп хамтлаг дуучдын амьд тоглолт, CD/DVD дээрээс түүний бүтээлийг сонсож болох юм байна.