Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Зүрх судасны кабинетийн эмч нар зүрх судасны өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөж байна. Манай орны насанд хүрсэн хүн амын дунд халдварт бус өвчнүүдийн өвчлөл, эндэгдлийн дотроос зүрх судасны өвчин эхний байранд орж байна. Ийм учраас зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хувь хүний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх нь чухал асуудал болоод байгаа юм. Хүний нас ахих тусам зүрхний өвчнөөр өвдөх магадлал өндөр болдог. Ялангуяа 45-50 насны эрэгтэйчүүдийн дунд зүрхний өвчлөл түгээмэл тохиолддог аж.
Шалтгаан:
-Тамхи татах
-Таргалалт
-Хөдөлгөөний хомсдол
-Стресс зэрэг нь зүрхний өвчинд нөлөөлөх хүчин гол зүйлүүд юм.
Шинж тэмдэг:
-Цээжний зүүн талд дарах, базах, чимхэх, төөнөх, хорсох маягаар өвдөнө.
-Энэ өвдөлт ихэнхдээ зүүн гар, мөр, зүүн дал руу заримдаа аюулхай руу дамжина.
-Ихэвчлэн салхи сөрж хүйтэн агаарт явах, шатаар өгсөх, хурдан явахад өвддөг.
-Нойр муудах, зүрх дэлсэх, толгой өвдөх зэрэг шинжүүд илэрдэг.
Урьдчилан сэргийлэх:
-Биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж таргалалтаас сэргийлэх.
-Өдөр бүр идэвхтэй хөдөлгөөнтэй бай. Өдөрт 10 мянган алхам явган явах.
-Хоолондоо аль болох давс бага хэрэглэх, давсгүй цай уух.
-Ханасан өөх тос, холестрин ихтэй хоол хүнсийг бага хэрэглэ.
-Архи, спиртийн төрлийн ундаа хэрэглэхгүй байх.
-Тамхи татахгүй байх.
-Сэтгэл санаагаа тайван байлгаж, тавгүй нөхцөл байдлаас өөрийгөө холдуулж бай.
Ажил амралтаа зөв зохицуулж, хэт ачаалалд орохгүй байхыг зөвлөе. Хэрвээ танд зүрхний өвчний ямар нэг шинж илэрвэл эмчид заавал үзүүлээрэй.