Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт шилдэг найман оролцогчийн тоглолт болж, финалд өрсөлдөх дөрвөн оролцогч тодорсон. Тодруулбал, Шүүгч Д.Отгонбаярын багаас мэргэжлийн дуучин гэх тодотголтой оролцогч А.Болормаа, С.Ононбатын багаас шат бүрт өсч яваа Б.Өсөхбаяр үлдсэн. Тэгвэл Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал финалд өрсөлдөх эрхийг авсан бол Д.Уламбаярын багаас арван жилийн дунд сургуулийн сурагч Ц.Энгүүн шалгарсан юм. Ялагч “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулна.