Нидерланд улс хорих ангиудынхаа тоог цөөлөхөөр болж гэнэ. Учир нь тус улсад
гэмт хэргийн гаралт эрс багасч, олон мянган шоронгийн өрөөнүүд хоосорч байгаа
аж.
Үүнээс болоод л шаардлагагүй зүйлд
хөрөнгө зарлагадаж байгаа тул таван ч хорих ангийг ойрын хугацаанд хаахаар
болсон байна. Ингэснээр 1900 гаруй албан хаагчид ажилгүй болж магадгүй байгаа
аж. Гэвч нэгэнтээ хорих ял оноох гэмт хэрэг гарахгүй байгаа учраас өөр аргагүй
гэж үзжээ.
Тус улсын Хууль зүй, аюулгүй байдлын сайд Ардван дер Стюрийн \”Сүүлийн
жилүүдэд онц, ноцтой гэмт хэрэг гарахаа больж, дундаж хоригдох хугацаа эрс
богиноссон. Мөн жил бүрийн гэмт хэргийн тоо дундажаар 0.9 хувиар буурч байгаа”
гэжээ.
Нидерланд улс онгодогч 2009 онд найман шоронгоо хааж байж. Харин 2015 онд
Норвеги улсад хоосон шоронгоо түрээслүүлж, 1000 гаруй хоригдлыг шилжүүлэн
байршуулж байжээ. Нидерландаас гадна Швед улс ч ийм асуудалтай тулгараад байгаа
аж. Тухайлбал Швед улс 2013 онд дөрвөн шорон хааж, нэг засан хүмүүжүүлэх төвийг
татан буулгасан байна гэж QUARTZ агентлаг мэдээлжээ.
Ер нь шорон ажиллуулна гэдэг асар өндөр зардалтай. Үүнийг буурал европын
орнууд ойлгож, иргэдээ хуулийг сахиж, даган мөрдөхөд хэвшүүлж, улмаар
шоронгийнхоо тоог цөөлж, улсын төсвөө хэмнэх бодлого баримталж байна.
Харин Монгол Улсад эсрэгээрээ. Харин шинээр нэмж таван шорон барихаар
Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа хуулийн төсөл өргөн барьсан байдаг. Үүгээр ч
зогсохгүй Төрийн ордны хажууд, цэргийн эмнэлгийн зориулалтаар барьж байсан
барилгыг засварлаж, доод давхрыг нь саатуулах байр болгосон байсныг хэвлэлүүд
тухайн үед нь мэдээлж байлаа. Шорон нэмж барина гэдэг нь хоригдлуудын тоо
толгой нэмэгдэнэ л гэсэн үг байх.
Гэтэл манайх чинь ял эдэлж буй хүмүүстээ төрийн цагдаа, цэцэрлэгийн
хүүхдүүдээс их хөрөнгө төсөвлөдөг улс шүү дээ. Хоёр хөршөөс цааш хэтрэхгүй
бодлогоо тэлж, буурал европын өртөг өндөр зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэж,
төсвөө хэмнэж байгаагаас суралцмаар юм.