УИХ-ын нэгдсэн чуулган Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар өөр юу ч хэлэлцэж чадахгүйгээр сар гаруйн хугацааг өнгөрүүлж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд чуулганы үйл ажиллагаанд бойкот хийж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг зогсоож, хурлаа хэвийн үргэлжүүлэх эрх, үүрэг УИХ-ын даргад бий. Гэтэл намрын чуулган нээснээс хойш 2019 оны төсвийг хэлэлцэж баталснаас өөр олигтой зүйл хэлэлцсэнгүй. Мөн чуулганы ирц 50-аас дээш хувьд хүрсэн нь тун цөөхөн. Эндээс л УИХ-ын дарга М.Энхболд хурлаа удирдах чадамжгүй юм гэж харагдаад байна. Тиймээс түүнийг огцорч, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг олгоно уу гэж УИХ-ын гишүүд хүсэлт тавьсан. Гэвч М.Энхболд дөргүй бух шиг зөрүүдэлсээр, сандалтайгаа зууралдсаар байна.
Энэ асуудалтай холбоотой УИХ-ын хашир туршлагатай гишүүд ч үг хэлж эхэллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Манай намынхан зохион байгуулалттай ҮХЦ-д намайг өгөөд “Би УИХ-ын үйл ажиллагаа сэвтэх ёсгүй” гэж үзээд УИХ-ыг даргын суудлаа өгч байлаа. Би ийм нөхцөл байдал үүссэн байна гэж М.Энхболд даргад хэлсэн, нөхрийн ёсоор. Би албан тушаалаа өгөөд юм алдаагүй. УИХ-ын дарга та асуудлаа бод. Хэд дахин хэлүүлэх гэсэн юм. УИХ өөрөө ямар байдалд орчихсон байгаагаа харахгүй байна уу. Олон юм яриад байх юм. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү. Үүнийгээ өөрсдөө бодоцгоо. Энд 20 хүрэхгүй хүн сууж байна. УИХ чинь цаашдаа яах гэж байна. Нөхрийн ёсоор зөндөө хэллээ. Тавин хувь нь эсэргүүцээд танхимаас гараад явчихсан байхад цаашдаа яаж авч явах гэж байгаа юм” гэж хэлсэн юм. Гэвч УИХ-ын дарга түүний үгийг тоосонгүй.
Ирц бүрдэхгүй, чуулган хуралдахгүй байгаагаас үүдэн гишүүд “парламент хүчгүй боллоо” хэмээн цухалдах болсон. Зарим нь бүр парламентыг тараах тухай ярьж, өөрийн албан бланк дээр гарын үсэг хүртэл цуглуулаад эхэлсэн билээ. Энэ бүгдийн эцэст УИХ-ын дарга “Төр тогтвортой байх ёстой. Үүний төлөө би ажиллах болно” гэсэн үг хэлээд л сууж байна. Гэтэл бидэнд төр шиг төр, УИХ шиг УИХ хэрэгтэй байна.