Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товлосон байна.
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчиж, өмнө нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлжээ.
Энэхүү мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд Цэцийн Их суудлын хуралдаанаар дээрх асуудлыг хяналтын журмаар хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.