Өчигдөр хуралдсан МАН-ын Хяналтын хорооноос хоёр чухал шийдвэрийг гаргажээ.
Нэгдүгээрт, улс орны эрх ашигт харшлах явдал гаргасан УИХ-ын хоёр гишүүнд МАН-ын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг таван жилийн хугацаатай гаргажээ.
Энэхүү хоёр эрхэм бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар юм. тэдний гаргасан алдааг одоо тайлбарлая.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-аас “Оюутолгой”-н гэрээг шалгах ажлын хэсгийн даргаар томилогдож, шалгалтыг явуулсан байдаг. Гэхдээ тэрээр ажлын хэсгийнхээ дүгнэлтийг УИХ-д танилцуулахаасаа өмнө “Оюутолгой” компаний удирдлагад нууцаар явуулсан үйлдэл хийсэн учир энэхүү хариуцлагыг хүлээлгэх болсон байна.
Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ Эрүүгийн хуулинд “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Ингэснээр хэд хэдэн хүний үйлдсэн томоохон хэргүүл хаагдаж, улс орны хувьд ч ихээхэн хохирол учруулах үндэс болсон байна.
Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлж, таван жилийн хугацаанд намын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ
Хоёрдугаарт, ЖДҮ-д нэр холбогдоод буй МАН-ын бүлгийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцож, ямар хариуцлага хүлээлгэж байгаагаа зургадугаар сарын 15-ны дотор МАН-ын Хяналтын ерөнхий хороо, Бага хуралд танилцуулахыг УИХ дахь бүлэгт үүрэг болгожээ. Намын Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг өнөөдрөөс МАН-ын холбогдох бүтцийн байгууллагуудад хүргүүлэхээр болсон байна.