ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ТОО 16 БАЙНА
Тэрбээр “Нэгдүгээр сарын 30-ны байдлаар 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байснаас зургаан хүний шинжилгээний хариу гарч, халдвар аваагүй нь тогтоогдон, эмнэлгээс гаргасан. Ингээд 12 хүний шинжилгээний хариу хүлээгдсэн байдалтай байхад нэмж дөрвөн хүнийг тусгаарласнаар яг одоогийн байдлаар ХӨСҮТ-д 16 хүн байгаа.
Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах ажлыг зохион байгуулах үндсэн дөрвөн баг нөөц дөрвөн баг нийт найман баг бэлэн байдалд ажиллаж байна.
Шинэ төрлийн коронавирусийг урьдчилсан байдлаар далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн буюу могойноос үүсэлтэй гэж таамаглаж байгаа бөгөөд олон орны эрдэмтэд үүсгэгчийг тогтоохоор ажиллаж байгаа.
Бидний зүгээс халдвар гарсан улс руу зорчихгүй байхыг зөвлөсөөр байгаагийн үр дүнд хилээр нэвтрэх иргэдийн урсгал багассан.
Халдварт өвчний дамжих замыг хаах ажлыг хязгаарласнаар тархалтыг зогсоодог зүй тогтолтой. Өвчний голомт болох Ухань хот гарах урсгалаа хаасан байгаа энэ нөхцөлд бид мөн хамгаалах арга хэмжээгээ сайн хэрэгжүүлвэл үр дүнтэй.
Монгол улсын найман боомтоор өмнөх сард 6560 зорчигч гарч байсан бол нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2465 зорчигч гарсан нь иргэд бидний гаргасан зөвлөмжийг сайтар биелүүлж байгааг илтгэнэ. Коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж байгаа ба одоогоор нийт 891 дуудлага ирсний 50 хувь нь шинэ коронавирусын талаарх зөвлөгөө, мэдээлэл авчээ” гэж мэдэгдлээ.