Нэг удаагийн нислэгээр хамгийн олон хиймэл дагуул хөөргөсөн дэлхийн дээд амжилтыг АНУ-ын SpaceX компани тогтоожээ.
Ням гарагт Флоридагаас хөөргөсөн SpaceX Falcon пуужин 143 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хүргэсэн байна. Өмнөх дээд амжилтыг 2017 онд 104 хиймэл дагуул хөөргөсөн Энэтхэгийн пуужин эзэмшиж байжээ.
Сүүлийн үед овор хэмжээ багатай хиймэл дагуулыг хэн дуртай нь зохион бүтээх боломж нээгдсэн тул сансарт хөөргөх тоо нь ч нэмэгдэх болсон юм. Захиалгаар хөөргөсөн хиймэл дагуулууд аяны цүнхний хэмжээтэйгээс эхлээд гутлын хайрцагны хэмжээтэй хүртэл байжээ.
SpaceX компани хиймэл дагуулын нэг багц ачааг $1 саяын үнээр тойрог замд хүргэж байгаа.
Өчигдрийн пуужингаар SpaceX компани өөрийн 10 хиймэл дагуулыг хөөргөсөн нь бүгд Starlink интернэт төслийн хиймэл дагуулууд байжээ.
Саяхан Virgin Orbit компани өндөрт нисэж буй Boeing 747 онгоцноос хиймэл дагуул хөөргөх туршилтыг амжилттай гүйцэтгэсэн нь өртгийг улам багасгах боломжийг нээж байна.