Засгийн газраас цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэр өчигдөр гаргалаа. Өөрөөр хэлбэл ТӨҮГ болон ТӨХК-ууд 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлэн он дуустал хэмнэлтийн горимд шилжиж ажиллахаар болж байна.
Тухайлбал, Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр машин, албан тасалгааны тавилга авахгүй, баримтат болон олон ангит кино хийхгүй, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэхгүй, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй, ажилтнуудын нормын хувцсыг шинэчлэхгүй байх нь.
Төсвөө хэмнэх жагсаалт:
- Төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэнэ
- Цалин хөлс нэмэхгүй, шагнал урамшуулал олгохгүй
- Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгана
- Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй
- Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй
- Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй
- Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй
- Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэнэ
- Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй
- Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах үүрэг хүлээж байна.
Улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийн жагсаалтыг ЭНДЭЭС харах боломжтой.