УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Цагаан сарын үеэр Монгол Улсын хилээр эх үүсвэр, зорилго нь тодорхойгүй их хэмжээний гадаад валют оруулж ирсэн гэх мэдээлэл байна. ҮАБЗ-ийн ажилчид бол төрийн захиргааны албан тушаалтнууд үүнд оролцсон байна. ҮАБЗ-ийн ажлын албаны нарийн бичгийн дарга А.Гансүх дарга мэдээлэл хийхдээ манай улсууд төрийн тусгай ажлаар тусгай үүрэг гүйцэтгэж явсан гэж мэдээлсэн. Төрийн захиргааны албан тушаалтнууд ингэж төрийн чиг үүрэг гүйцэтгэж явах эрхгүй. Энэ ямар зорилготой, хаанахын мөнгө орж ирсэн бэ гэх асуудал гарч ирж байна.
Нөгөө нь лифтэнд болсон үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газрын зарим нэг ажилтнуудын үнэн нүүр царай харагдаж байна. Үүнд холбогдох байгууллагынхан яагаад мэдээлэл өгөхгүй, тайлбар хийхгүй, хэрэг үүсгэж шалгахгүй байна вэ. Иймээс өнөөдөр бид нар гэмт хэргийг урьдчилан сэргийлэх гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй Хууль зүйн сайд Х.Нямбаатарт өөрсдийн чиг үүргийн дагуу үүнд анхаарал хандуулаач ээ хэмээн хандаж байна. Цаашдаа шүүхийн хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд хариуцлагагүй ажилладаг, хууль зөрчиж буй шүүгч нар, нэр бүхий прокуроруудад хариуцлага тооцох асуудал манай ажлын хэсгийн чин зорилго.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Өмгөөлөгч Б.Баасанцогтын талаарх асуудал олон нийт хэвлэлээр ил болсон. Энэ хүн хэрэг төлөвлөдөг, схемчилж зурдаг захиалга өгдөг. Мөн шүүгчдээр дамжуулан ял төлөвлөж, ял хөнгөлдөг ийм схем тэр хүний компьютероос ил болсон.
Түүнчлэн шүүхийн байгууллага, хууль хяналтын ажилтан албан хаагчидтай хувийн харилцаа тогтоосон, нийлж наргиж цэнгэдэг мөнгө төгрөг авч өгөлцдөг ийм сүлжээ бий болсон байгааг харуулж байна.
Ардчилсан монгол оронд мафийн систем байж болохгүй. Хүний эрх зөрчиж, эрүүдэн шүүдэг, ял тулгадаг байж болохгүй. Энэ асуудлыг бид хэвлэл мэдээллийн ачаар мэдэж авсан. Иймд энэхүү шаардлагаа Хууль зүйн сайд Х.Нямбаатарт гардуулан өгч байна. УИХ дээр ҮАБЗ-тэй холбоотой асуудлаар ажлын хэсэг гарсан” гэлээ.