Өмнөх буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлаараа Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргаж байсан.
Уг шийдвэрүүдийг гаргахдаа эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилготой гэж тайлбарласан.
Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд инфляцын өсөлт Төв банкны зорилтот түвшний 6/+2 хувилбар руу орсон байна.
Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр 2021 онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусган, батлуулсан.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Түр зуурын, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогыг чангаруулж хариу арга хэмжээ авахаас илүүтэй эдийн засгийн суурь сэргэлт, тогтвортой байдалд илүүтэй анхаарна…Эдийн засгийн идэвхжил, шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх дарамттай байх хэдий ч 2021 онд дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах төсөөлөлтэй байна. Эдийн засгийн цаашдын төлөв нь вирусын дотоодын тархалт, түүнээс улбаатай хөл хорио, вакцинжуулалтын явц, үр дүн болон экспортын бүтээгдэхүүний хил дээрх саад тодгор зэргээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал хэвээр байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Үндэсний статистикийн хорооноос /2021.06.15/ танилцуулсан, тавдугаар сарын байдлаарх инфляцын үзүүлэлтийг харахад, улсын хэмжээнд өмнөх сараас 0.7 хувиар, өмнөх оны эцсээс 6.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн. Улаанбаатар хотын инфляц 6.7 хувийн өсөлттэй.
Үнэ зах зээл дээрх идэвхжлийг харуулдаг индикатор учраас ковидын нөлөөллөөр агшаад байсан эдийн засаг хөл хорио суларсан, зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнийг даган идэвхжиж эхэлсэнтэй холбоотойгоор инфляц өсөж болно.
ҮСХ-ны инфляц тооцдог сагсны 20 гаруй хувийг хүнс дангаараа бүрдүүлдэг. Махны үнэ 10 хувийг бүрдүүлдэг учраас, нийт үзүүлэлтэд чухал нөлөөтэйг эдийн засагч тайлбарлаж байна.
Мөн нөгөө талаас, ковидын үеийн инфляц дэлхийн улс орнуудад анхаарал татсан сэдэв болоод буй. АНУ гэхэд 1992 оноос хойших түүхэн өндөр буюу инфляцын 5%-ийн өсөлтөө хэрхэн шийдэх шийдлийг хайж байгаа.
Хэдий тийм ч манай тухайд “хэврэг” дундаж давхаргатай, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл иргэдийн олонхын худалдан авах чадварыг сорьж байгаа нь анхаарах ёстой асуудал.
Инфляц тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.2 хувийн өсөлттэй гарсны 3.6 нэгж буюу 58.1 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Тодруулбал:
- Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 13.1 хувь /мах махан бүтээгдэхүүний үнэ 18.4 хувь/
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 2.4 хувь
- Хувцас, бөс бараа гутлын бүлгийн үнэ 3.1 хувь
- Орон сууц ус цахилгаан хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 5 хувь
- Тээврийн бүлгийн үнэ 3.2 хувиар өссөн нь инфляц 6.2 хувиар өсөхөд голлон нөлөө үзүүлсэн гэж ҮСХ тайлбарласан.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Хямралын шалтгаан нь эдийн засаг биш вирус, вирусын тархалт. Энэнтэйгээ л тэмцэж хямралаа давна. Тэхээр ЭМЯ л хямралаас гаргана. Мөнгө, санхүүгийн зохицуулалт бол дэмжих хоёрдогч үүрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.
“Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2021 оны нэгдүгээр улирлын тайлангаас үзэхэд иргэдийн инфляцын хүлээлт ерөнхийдөө өсөх хандлагатай байсан.
Зургаан сарын дараа хүлээгдэж буй инфляц 7.2 хувь байгаа бол нэг жилийн дараах инфляцын хүлээлт 9.1 хувь байна гэсэн судалгааны дүн гарсан байгаа юм.