АНУ-ын Засгийн газар даваа гаригт цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.7 сая ам.доллар буюу 10.5 тэрбум төгрөгийн яаралтай нэмэлт тусламж үзүүлэхээ зарлалаа.
Тусламжийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу “USAID”-аар дамжуулан олгох бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, хангамж, эмнэлгийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, шинжилгээний иж бүрдэл, хүчилтөрөгчийн эмчилгээ болон хувийн хамгаалах хэрэгсэлд зориулах юм.
Түүнчлэн, “USAID”-ын зүгээс эмнэлгийн ослын менежмент, лабораторийн хүчин чадлыг сайжруулах, хээрийн эмнэлгүүд байгуулах, хүүхэд, гэр бүлд сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан телевизийн контент боловсруулах, “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын ач холбогдол, тархалтаас урьдчилан сэргийлэх алхмуудыг сурталчлах зэрэг ажлуудыг хийх аж.
АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны орлогч дарга Грегори Мэй энэ талаар “Цар тахлыг зогсоох цорын ганц арга бол дэлхий нийтээрээ улс орнууд хамтран ажиллах явдал юм. Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монголын ард иргэдэд цар тахлыг даван туулахад туслах үүрэг хүлээсэн хэвээр байна” гэжээ.
АНУ-ын зүгээс үүнээс өмнө манай улсад 4 сая ам.доллар буюу 11.4 тэрбум төгрөгийн ковидын тусламж үзүүлээд байв.
Эх сурвалж: mn.usembassy.gov