УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч танилцуулга хийсэн юм.
Ажлын хэсэг олонхын саналаар дэмжигдсэн дараах саналуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцуужээ. Үүнд:
Хуулийн төсөлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг багтаасан бөгөөд хувь хүний нууцад хамаарна хэмээн тусгасан байна.
1. Хуулийн төслийн нэр томьёог Нийтийн мэдээлийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлсэн бөгөөд хөрөнгийн мэдээллийг хүний эмзэг мэдээллээс хасаж хүний хувийн мэдээлэлд хамааруулахаар;
2. Иргэний хуулийн 16.3, 16.4-т бүрэн бус чадамжтай иргэнд хувийн мэдээллээ ашиглах шаардлагатай тодорхой төрлийн эрхүүдийг нээж өгөх. Тухайлбал, хоршооны гишүүн байх, банк, зээлийн байгууллагатай харилцах;
3. Төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад “нээлттэй өгөгдөл” бий болгох асуудлыг нэмж тусгах;
4. Сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг авахгүй байх талаар;
5. Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихдаа зөвлөмж, шаардлага хүргүүлэх;
6. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох талаар;
7. УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглах зэрэг саналуудыг танилцуулсан юм.
Хуулийн төсөлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг багтаасан бөгөөд хувь хүний нууцад хамаарна хэмээн тусгасан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс нэг ч хүн багтаагүй болохыг тэрбээр дурдаад хуулийн төслүүдтэй танилцан, судлах хугацаа хэрэгтэй байгаа учир завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.