Монгол, Австралийн Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.03.31/ Австралийн Парламентын ордонд боллоо.
Тус санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын 100 залуу 2022 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болж байна.
Санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Улсын Засгийн газрыг төлөөлж Австралийн Парламентын гишүүн бөгөөд Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоук нар гарын үсэг зурав.
Ёслолын арга хэмжээний үеэр Австралийн Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоук хэлэхдээ “Австралид оршин суугаа монгол иргэдийн тоо бусад оронтой харьцуулахад хэдийгээр цөөн ч гэсэн манай нийгэмд бодитой хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна. Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол бэхжиж, олон монгол залуус Австралид ирж ажиллангаа аялах, суралцах боломжийг нээж байгаад нэн баяртай байна” гэв.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Удаан хугацаанд хүлээсэн энэхүү баримт бичиг өнөөдөр ийнхүү бодит ажил хэрэг болж, биеллээ олж буйд бид мөн баяртай байна. Монгол, Австрали хоёр орны залуус хоорондын харилцаа, харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын солилцоо цаашид улам бэхжиж, олон монгол залуус Австралид ирж, танай сайхан орны олон үндэстнээс бүрдсэн нийгэм, соёлд өнгө нэмж, нийгэм, эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн австрали залуус манай улсад аялж, ажиллан Монгол Улсын хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэж хэлэв.
Австралийн “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрт ийнхүү Монгол Улс хамрагдсанаар эхний ээлжинд Монгол Улсын 18-30 насны 100 залуу тус улсад ажиллах суралцах эрхтэй болж буй бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх сайхан боломж нээгдэж байна.