Залуус Ерөнхий сайдад хамгийн түрүүнд өөрсдийн өгсөн шаардлагаас гадна уучлалт гуйхыг хүсэв.
Мөн өчигдөр жагсаж байсан иргэдийг тараах явцад хүний эрх зөрчигдсөн асуудал гарсан тул хүний эрх зөрчсөн тухайн цагдаагийн алба хаагчдад хариуцлага тооцохыг шаардсан юм.
Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өчигдөр гарч ирэхийг их хүссэн. Өнөөдөр миний хувьд амаргүй олон дүрэм журмыг давж, гарч ирлээ. Аль ч улс оронд жагсаал бүхний өмнө Ерөнхий сайд нь шууд гарч ирэх тохиолдол олон биш.
Харин бид одоо шийдэл ярих ёстой. Бид хамт хичээж байж өнгөрсөн 30 жилд үүссэн алдаа, завхралыг засаж чадна гэдгийг хэлэх нь зүйтэй.
Өчигдөр би ХЗДХ-ийн сайд болон хууль хяналтын байгууллагад огт хүч хэрэглэж болохгүй гэж байнга хэлж байсан. Гэхдээ зарим хүнээс тодорхой хэмжээний тодруулга авах шаардлагатай байсан бөгөөд өнөөдөр ямар хүн хорионд байхгүй байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд надад хариуцлагатайгаар мэдэгдсэн. Хэрвээ энэ асуудалд өөр ямар нэг зүйл байгаа бол миний хувьд хариуцлага тооцоход бэлэн байна” гэв.
Үргэлжлүүлэн “Залуусаа, би Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг уучлаарай. Засгийн газарт чадаж байгаа болон чадахгүй зүйл ч олон байна. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа” гэсэн юм.