Бүгд Найрамдах Чех Улсын/БНЧУ/ Усти над Орлици хотноо энэ сарын 4-7-ны өдрүүдэд болсон Коцианы нэрэмжит олон улсын өсвөрийн хийлчдийн тэмцээний 11-12 насны ангилалд Монгол Улсын Консерваторын сурагч А.Хулан тэргүүн байрт оржээ.
Коцианы нэрэмжит тэмцээнд оролцсон Б.Насанжаргал, Н.Гүнзээ нар тус тусын насны ангилалдаа III байрт шалгарсан бол У.Намуунбайгаль, М.Мөрөн-Рюки нар тусгай I байр, Т.Пүрэвцэцэг, А.Анхзаяа, нар тусгай III байрт шалгарсан амжилт үзүүлжээ.
Ярослав Коциан 1883 онд Усти над Орлици хотод төрсөн Чехийн хамгийн алдартай хийлч бөгөөд түүний нэрэмжит тэмцээн 1959 оноос зохион байгуулагдаж иржээ. Энэ удаагийн тэмцээнд Чех, Словак, Монгол, Словени, Болгар, Франц, Австри, Польш, Япон, Серби, Литва, Итали, Норвеги зэрэг орны хүүхдүүд оролцсон байна.