Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД, жижиг Тавантолгой компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг болон бусад сайд нар мэдээлэл хийж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. УИХ дээр Уул уурхайн биржийн тухай хууль хэлэлцэж байгаа. Уг хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нүүрс, зэс, төмөр зэрэг гол металлуудыг уул уурхайн биржээр зарна. Долдугаар сарын 1-н хүртэл зөвхөн нүүрсийг энэ журмаар зарахаар төлөвлөж байгаа.
Эхний ээлжид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийн нүүрсийг биржээр зарна. Цаашлаад төрийн өмчит компаниуд тухайн биржээр бусад ашигт малтмалаа зарах боломжтой. Тухайн биржийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. Уг биржийг Хөрөнгийн биржийн дор хэрэгжүүлнэ. Ямар нэгэн зардал гаргахгүй” гэлээ.