Засгийн газрын энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын өрхийн шөнө хэрэглэсэн цахилгааны үнэд 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хөнгөлөлт үзүүлсэн.
Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс нөхөж тооцсон байна. Өнгөрсөн сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгчээ.
Шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөл өмнөх жилүүдэд хэрэгжсэний нэгэн адил үргэлжилнэ. 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айлд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоо гарчээ.